Засгийн газрын Чингис бондын хувьд хүү нь хоног тутамд 196.000 ам.доллараар буюу өнөөгийн ханшаар 275 сая төгрөг болж байна.
Таван жилийн дараа 500 сая ам.долларын үндсэн өрөө төлнө. Дараа нь нэг тэрбум ам.долларын хүүд хоногт 140.000 ам.доллар төлж дахин таван жил болсны дараа үндсэн өрөө төлнө. Энэхүү 1.5 тэрбум ам.долларыг Монгол Улс нийт 605 сая ам.долларын хүүгийн хамт буцаан барагдуулах юм. Энэхүү өр зээлийг эхний таван жилээр задалж тооцвол хоногт 196.000 сард 5.9 сая, жилд 70.6 сая, таван жилд 352.4 сая ам.долларын хүү гарч байна. Харин дараагийн таван жилд хоногт 140.000, сард 4.2 сая, жилд 50.4 сая, таван жилд 252.0 сая ам.долларын хүү буюу нийтдээ 604.8 сая ам.долларын хүү төлөхөөр байна.
Засгийн газрын бондын таван жилийн хүү 4.125, арван жилийн хүү 5.125 хувьтай аж. Үүнээс үзэхэд бондын хүү өндөр байгаа нь илэрхий. Зарим эдийн засагч нар "Засгийн газрын бондын хүү 3.5 хувиас дээш гарвал Монгол Улсад ашиггүй, эргээд дааж давшгүй өрөнд унана. Хүү төлнө гэдэг чинь хүнд асуудал. Үүний цаана тав таван жилээр 500.000, нэг тэрбум ам.доллар төлнө гэдэг хүндхэн даваа. Тэр үед энэ их мөнгө бидэнд байх эсэхэд эргэлзэж байна. Ер нь Засгийн газар эдийн засагч, эрдэмтэдтэйгээ ярьж зөвлөлдөхгүй толгой дааж томоохон шийдвэр гаргалаа.
Улс орны хөгжлийн томоохон асуудалд эдийн засгийн гэхээсээ улс төрийн байр сууринаас хандаад байна" гэцгээж байв. Гэтэл нөгөө хэсэг нь "Бонд гаргах нь тодорхой. Бид ингэхгүйгээр улс орны томоохон бүтээн байгуулалт, хөгжлийн асуудлыг ярилтгүй. Үгүй дээ нефтийн үйлдвэртэй болмоор байна. Уул уурхайн бүтээгдэхүүнээ төмөр зам тавьж, Япон, Солонгос мэт Азийн орнуудад гаргах нь чухал. Гэхдээ бид бондоо арилжаалах асуудал дээр хэт яарчих шиг боллоо. Тэртээ тэргүй манай Засгийн газрын бонд арилжаалагдах нь тодорхой байсан. Манай бондыг авах олон ч санал, хүсэлт ирсэн. Бид энэ өвөл, магадгүй хаврын хоёр гурван cap бондоос орсон мөнгөө ашиглаж чадахгүй хий дэмий хүү төлөх болчихлоо" гэж байна.
Бодоод үзэхэд аль аль нь зөв. Бид энэхүү бондын мөнгийг богино хугацаанд үр ашигтай зарцуулахгүй бол Монгол Улс хэдэн арван жилдээ өрийн дарамтаас босохгүй. Бид хэдхэн жилийн өмнө хуучин ЗХУ-аас ОХУ-д өвлөгдсөн 11 тэрбум ам.долларын өрнөөс мултрах гэж яаж зовж байснаа санах хэрэгтэй. Саяхан Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж бондын талаар "Дараагийн Засгийн газар сонгуулиар гарч ирээд "энэ буруу" гэх асуудал байх ёсгүй. Нэг үгээр үүнийг төрийн хар хайрцагны бодлого гэж ойлгох хэрэгтэй. Тэр улс авсан, бид төлөхгүй гэсэн асуудал байхгүй.
Заавал төлөх ёстой. Төлөхгүй бол Монгол Улсын бонд дахин өөр улс, хүнд зарагдаад өөр нэгний эрхшээлд орох аюул бий. Ер нь улсынхаа нэр хүндээр дэнчин тавьж авч буй өр шүү гэдгийг хэлье" хэмээн анхаарууллаа.